Сайн сууж байв уу дотор минь гэрэлтэх эмзэгхэн Пика минь. Би нь ямар байгааг чи сайн мэдэж байгаа ч чамдаа хэлмээр байгаа зүйлсээ хэлмээр санагдаад ороод ирлээ. Чи надгүйгээр алзахгүй сайн оршин байдаг гэдэгийг чи ч, би ч сайн мэдэж байгаа...
Гадаа сэрүү буугаад, зөөлхөн хэрнээ жихүүн салхи нуруугаар минь тэврээд, цэлмэг хэрнээ хүйтнээр инээмсэглэх тэнгэрийг харах болгонд ганцаардал мэдрүүлдэг НАМАР гэдэг мэдрэмж хаяанд ирчихсэнг анзаарч байна... Тийм ээ би дахиад л ганцаараа байгаа... гараас атгах хэн нэгэнгүй бас дахиад л нэг намрыг хуурамч инээмсэглэл, уянгын дуу, завгүй байдлаараа халхавчлахаар бэлтгэлдээ орж байна. Гэхдээ өнгөрсөн хэдэн сарын хугацаанд өдөр бүр тийм уйтгартай, ганцаараа байсан уу гэвэл үгүйлдээ... Би хүнтэй найзалсан, аялсан, зарим нэгэн шинэ зүйлсийг мэдэрсэн. Гэхдээ л тэр бүрт ГАНЦ гэсэн зүйл үргэлж л хамт дагаад түүнээс хүчээр зугтаахыг оролдовч хамт байсаар байсан. Залхсан...Бууж өгсөн...Сэхүүн зангаа гээхийг хичээсэн... Өөрөө өөртөө ТЭНЭГ байхыг хүссэн...гэвч буцаад л ганцаардсан би эргээд ирсэн :(
Би чамд үнэнгээ л хэлье... Би өмнөх хүнээ мартаж чадахгүй л байгаад байх шиг. Өмнөх шигээ тэгтлээ их хүсэмжлэн хүлээж шаналдагаа больсон ч гэсэн сэтгэлийн мухарт ямар нэг зүйл яг л тамхины цог шиг үе үехэн гэрэлтээд байх юм. Тэр хэдийгээр надаас холдон одсон ч гэлээ би яагаад ч юм дотроо өөртөө бат хадчихсан бололтой...
Надад хүмүүс хэлэх юм. Өмнөх зүйлийг мартахын тулд шинэтэй учрах хэрэгтэй гэж. Гэхдээ яаж? Тэр нь хаана байгаа юм бэ? Угаас хайр сэтгэлийг хайна гэдэг бол хамгийн том тэнэглэлүүдийн нэг тийм биздээ Пика?! Энэ бүхнээс минь ангижруулах хэн нэгэн хаана байгаа юм бэ?