Thursday, September 24, 2009

Чи минь байхгүй намар болжээ...


Өглөө шаагилддаг шувуудын жиргээ улам тодроод л хүйтэн, гэхдээ нарлаг өглөө намайг угтан авах болжээ. Гадаа гарахад сэрүүн салхи хацрыг минь илбээд л, хөлийн минь доор шарлан хөглөрөх моддын навчис шаржигнан дуугарна. Дээшээ энэ тэнгэр яасан гүн хөх өнгөтэй юм бэ. Энэ хөх тэнгэрийг багандсан сүрлэг моддоос хүслийн минь жигүүр, хайрын минь дурсамжыг нэг нэгээр нь шидлэх мэт шар өнгийн навчис зөөлхөн гэхдээ яг л миний хацар даган урсаж байсан тэр нулимсууд шиг зөөлхөн бас аяархан унана. Тийм ээ хэдийн намар болжээ хайрт минь. Гэхдээ чамгүйгээр намар болжээ...
Хаа сайгүй шинэхэн хувцастай хөөрхөн хүүхдүүд өглөө эрт надтай уралдан хичээлийн зүг яарцгаана. Би саяхан л ийм байсандаа хэмээн их л хөгширсөн янзтай өөрийгөө заримдаа бодох юм хайраа. Гэхдээ энэ л намрууд ээлжлэн ээлжилсээр миний хүүхэд насыг, бас гэгээхэн тэр л дурсамжуудыг энэ л газарт унасан навчис шиг таслан авч одох юм хайр минь. Би мөрөөдөлдөө чамтайгаа хамт энэ сайхан намрыг үзэж энэ олон навчисыг хамтдаа тийчлэн, хүйтэн салхинд нь хамтдаа даарч, бээрсэн гараараа чамайгаа тэврээд тэр л цэцэрлэгт чинийхээ илчинд дулаацаж чихэнд чинь ХАЙРАА ХАЙР НЬ ХАЙРДАА ХАЙРТАЙ ШҮҮ, НАДААС БИТГИЙ ХОЛДООРОЙ гэж зөөлөн шивнэхийг хүснэ. Намар болдог чинийхээ төрсөн өдрөөр чамдаа, дулаахан гэхдээ миний сэтгэл шингэсэн тэр зөөлөн бас дэгжин ороолтыг чамдаа авч өгөхийг би хүсч байсан. Хүзүүндээ ороох болгондоо намайг дурсаасай гэж, миний чамд өгсөн тэр л бүлээн сэтгэл энэ ороолттой хамт чамайг дулаацуулаасай гэж би хүсэх байсан. Гэхдээ би хүслээ биелүүлж чадахгүй бололтой хайраа.